ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО 9 ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 11 ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР БАТЛУУЛЖЭЭ

Намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 16 удаа хуралдаж, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэж, нийтдээ 9 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан байна. Байнгын хорооны 8, Хүний эрхийн дэд хорооны 1 тогтоолын төслийг хэлэлцэн баталсан байна. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 6 ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгүүд 42 удаа хуралдаж, 11 танилцуулгыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ. 
 
Байнгын хороо Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулж, мөн албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлт гаргасан байна. 
 
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. 
 
Эрүүгийн хуулийн Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтыг журам зөрчихийг тус тус өөрчлөн найруулж, Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялаар шийтгэх зохицуулалтыг тусгасан байна.
 
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлахаар хуульчилжээ. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  цөөнгүй нэмэлт оруулсныг тэрбээр дурдаад “Шүүх хугацаагүйгээр удааширдаг, хойшилдог асуудлуудыг аль болох хязгаарлаж, шүүхийн үйл явцыг хялбаршуулан, шийдвэрийг хурдан гаргадаг байх тал дээр илүү анхаарч ажилласан” гэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Тусгайлсан журмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах нэхэмжлэлийг шаардлагын хэлбэрийг тодорхой болгох хүрээнд бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах зэрэг хэрэг маргааны төрлөөр нь ялган тодорхойлсон байна. Түүнчлэн тусгайлсан журмаар шүүхэд хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хороос гадна хүний эрүүл мэндэд учруулсан гэм хорын мөнгөн хөрөнгө гаргуулахыг тусгажээ.