БСШУСБХ: “МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГҮҮЛНЭ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, найман бүлэг асуудлын хүрээнд хуулийн төсөл нэгийг, Байнгын хорооны тогтоол дөрвийг, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, мэдээлэл хоёрыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал, Байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах” Ажлын хэсгийг байгуулсан. Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төрийн үүргийг хуулийн хүрээнд хангуулах, хяналт шалгалт хийх зорилготой тус Ажлын хэсэг “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд 500 гаруй оролцогчтой зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний хэлэлцүүлгийн үр дүнд  зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр тогтов.
 
Түүнчлэн Байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Хуулийн төслийг хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн удаатай. Мөн Боловсролын багц хууль батлагдсантай холбогдуулан уг  хуулийн Ажлын хэсгийн гишүүд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь аймагт томилолтоор ажиллан орон нутгийн иргэдэд хууль, тогтоомж сурталчлав. Байнгын хорооны зүгээс боловсрол, соёл, спортын салбарын яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж, 2024 онд тухайн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлын гарц, шийдэл, эрх зүйн орчны талаар санал солилцлоо.