ЭД ХӨРӨНГИЙН БҮРЭН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭНИЙ ТАЛААР
Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ” байгуулахаар заасан. Хэрвээ Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй онцлогтой.
Ажилтнуудаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа ажил олгогчид хохирол учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэдэг. Ажилтан, албан хаагчид эд хөрөнгийн хариуцлага ногдуулахад дараах үндэслэл бүрдсэн байна. Үүнд:
· Ажилтны үйлдэл, эс үйлдэл нь хууль бус байна;
· Ажил олгогч этгээдийн эд хөрөнгөнд бодит хохирол учирсан байх. Бодит хохиролд иргэний эрх зүйд хэрэгждэг олох байсан орлого, үр төл, хохирлыг арилгах зорилгоор гарсан нэмэгдэл зардал орохгүй;
· Ажилтны учруулсан хохирол ба түүний хууль бус үйлдэл, эс үйлдэлийн хооронд шалтгаант холбоо байх;
· Хохирол бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйдээ ажилтнууд нь гэм буруутай байх.
Эд хөрөнгийн хариуцлагыг нөхөн төлүүлж буй хэмжээгээр нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлага, Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага гэж 2 ангилна.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэдэг нь ажилтнуудаас ажил олгогчид учирсан бодит хохирлыг хязгаарлаж багасгахгүйгээр бүрэн хэмжээгээр хариуцуулах явдал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 135-р зүйлд зааснаар дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэдэг.
· Ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
· Хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан;
· Дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж өгөөгүй;
· Эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь шууд холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар тавьж олгосон ажлын багаж, тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл зэргийг үрэгдүүлсэн;
· Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхдээ эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан эсвэл энэ тухай хөдөлмөрийн гэрээнд тусгасан үед хүлээлгэдэг онцлогтой.
Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага гэдэг нь ажилтны ажил олгогч этгээдэд учруулсан бодит хохиролыг ажилтны 1 сар, контрактаар үүрэг гүйцэтгэгчийн хувьд 6 сарын цалингийн хөлснөөс хэтрүүлэхгүй хэмжээгээр хязгаарлан хариуцуулахыг ойлгоно. Бүрэн хариуцлага хүлээлгэхээс бусад тохиолдолд хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэдэг.
Хөдөлмөрийн сайд 1991 оны 216-р тогтоолоор “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалт”-ыг баталжээ. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг дараах ажил, албан тушаалтантай байгуулна. Үүнд:
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах албан тушаал.
- Хадгаламжийн газар, сан хөмрөг /фонд/, архив, агуулахын эрхлэгч нар,
- Бүх төрлийн кассын эрхлэгч, нягтлан бодогч, нярав,
- Мөнгө хураагч, мөнгө тоологч, мөнгө хянагч,
- Шуудан холбооны оператори, таксфоны мөнгө тоологч- операторч,
- Галт тэрэгний дарга, вагоны үйлчлэгч, зорчигчдын галт тэрэгний тасалбар шалгагч – байцаагч, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын харуул,
- Дэлгүүрийн секц, тасгийн эрхлэгч, худалдагч,
- Гуанз нийтийн хоолны газрын ахлах тогооч,
- Шатахуун тослох материалын агуулахын нассочин, насос шугам хоолойн оператор, шатахуун тосолгооны материалын эрхлэгч,
- Эмийн сангийн эрхлэгч, эм олгогч, шалгагч, эм найруулагч, эмнэлгийн ахлах болон нярав сувилагч, тасгийн бага эмч, дефектор,
- Музейн сан хөмрөгч / Фондчин/, музейн үзмэр харагч, номын сангийн ном олгогч,
- Тэжээлийн цэгийн эрхлэгч –нярав, шувууны инкубаторын эрхлэгч,
- Агент, аж ахуйн эрхлэгч, цех /тасаг/, лаборатори, кабинетын эрхлэгч, мастер, механикч, экспедиторч.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ажил.
1. Кассын гүйлгээний ажил,
2. Хөдөлмөрчдөөс бүх төрлийн мөнгөн төлбөрийг кассаар дамжуулалгүйгээр хүлээн авах, мөнгө олгох ажил,
3. Худалдаа үйлчилгээний болон мөнгөний автоматыг хариуцаж ажиллуулах ажил
4. Агуулах, бааз /нефть бааз/, шатахуун түгээх станц, хөргүүл /зоорь/, гуанз, нийтийнхоолны газар, хадгаламжийн сан, худалдаа бэлтгэлийн газар /цэг, салбар/, бараа таваарын дамжлага бааз, хадгаламжийн газруудад материалын үнэт зүйлсийг хадгалахаар хүлээн авах, боловсруулах, хадгалах, гадагш нийлүүлэх,
5. Материалын үнэт зүйлсийг баглаж боох, савлах, тээвэрлэх, хүргэх, ачиж буулгах, харж хамгаалах, түгээх /олгох/ ажил,
6. Эмнэлгийн байгууллага, амралт, сувиллын газар, зочид буудал, нийтийн байр, зорчигчдын амралтын өрөө, хүүхэд саатуулах газар, эмнэлэг- биеийн тамир, аялал жуулчлалын газруудад байрлаж байгаа хүмүүст материалын үнэт зүйлсийг олгох / хүлээн авах/,
7. Галт тэрэг, усан онгоц, нисэх онгоцонд хоол унд, бусад зүйлийг зэхэх ажил, ачаа- вагон, ачаа-чингэлэг хүлээлцэх ажил,
8. Соёл, ахуйн зориулалттай болон бусад материалын үнэт зүйлсийг хадгалах буюу засварлахаар хүлээн авах, түүнчлэн тэдгээрийг үйлдвэрлэх, сэргээн засварлах, чанарыг сайжруулах зэрэг бусад зориулалтаар авч хадгалах, соёл, ахуйн зориулалттай эд зүйлсийг хүн амд хөлсөөр хэрэглүүлэх /прокат/ ажил, барьцаат үйлчилгээний ажил,
9. Худалдааны арга хэлбэр, үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарахгүйгээр бүх төрлийн бараа / бүтээгдэхүүн /-г бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, нийлүүлэх, борлуулах, худалдаанд бэлтгэх ажил,
10. Ачаа тээш, шуудангийн илгээмж, мөнгөн болон материалын үнэт зүйлсийг хүлээн авах, хүргэхээр бэлтгэх, тэдгээрийг ялгах, хүргэж өгөх, солилцох, тээвэрлэх, ачиж буулгах, тушаах /олгох/,
11. Цахим техник, радио аппарат, радио техникийн болон цахилгаан механикийн аппарат, хэрэгсэл, систем, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэх / эвлүүлэх, угсрах, тохируулга хийх/, засварлах ажил,
12. Үнэт металл, үнэт чулуу, нийлэг эрдэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг хадгалах, боловсруулах, үйлдвэрлэлд хэрэглэх, хүргэж өгөх, тээвэрлэх, солих, худалдах, худалдан авах ажил,
13. Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, шуудангийн марк, тэдгээрийн хагас боловсруулагдсан бүтээгдэхүүнийг хүлээн авах, үйлдвэрлэх, тээвэрлэх, сонгож түүвэрлэх, цуглуулга бэлтгэх, бүртгэж тооцоолох, баглаж савлах, хадгалах, олгох ажил,
14. Бүх төрлийн билет, талон, тасалбар, падаан / болон хүн амд үзүүлэх үйлчилгээний хөлсийг тооцохтой холбоотой бусад тэмдэгтүүд/-ийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах, тамгалах, шалгах, олгох ажил,
15. Мал, бусад тэжээвэр амьтдыг хариулах, өсгөх, үржүүлэх, тэжээж бордох ажил,
16. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хадлан тэжээл бэлтгэх, арчлан хамгаалах, технологийн бүх шатны ажил, малын хашаа, саравч, худаг, уст цэг, услалтын системийн эзэмшилттэй холбогдсон ажлууд багтана.
Дээрх ажил албан тушаалтны жагсаалтыг Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Ажлын байрны тодорхойлолт бүхий албан байгууллагад байх баримт бичигт тусгаж өгөх, эсхүл “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-гээр энэхүү харилцааг зохицуулах боломжтой.