ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХДӨӨ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАА МЭДЭГДЭНЭ

УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 6 дугаар сарын 20,21,22,23-ны өдрүүдэд санал авахаар тогтоосон билээ.
 
Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны зургаадугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 7-22 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
 
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг төв болон салбар комисс зохион байгуулж ажилладаг. Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан төв комиссыг, төв комисс нь салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулахаар хуульчилсан. 
 
Цаг хугацааны хуваариар Сонгуулийн ерөнхий хороо энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс өмнө Гадаад харилцааны яамны саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон 9-11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Төв комисс энэ оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө салбар комиссыг дарга болон 2-4 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах юм. 
 
Эх сурвалж: https://m-election.mn/news/5124