ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “ХОРИН МИНУТЫН ХОТ” БИЙ БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА
Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн бичил VI хорооллын “Бичил төв” бүсэд хийж, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” сэдвээр хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагын ажилтнуудын санал бодлыг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлээс гарах шийдлийг танилцууллаа.
Нийслэлийг 42 нэгжээр бүсчилж хөгжүүлэх шинэ төлөвлөлтийг Засгийн газар, хотын удирдлагуудтай хамтран хийж эхэлсэнтэй холбогдуулж өдөр тутамд иргэдтэй ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудын санал, бодлыг тусгах нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийслэлд олон жил ужгирсан хүндрэлийг шийдэх боломжуудыг танилцуулав.
Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байгааг дурдлаа.
Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/26935