УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.МӨНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЛАА

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УИХ-ын Дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын болон засвар, механикийн заводын өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэтийн Үйлдвэр, технологийн паркийг байгуулах ажлын хүрээнд тус паркийн дэд бүтцийн ажлуудыг эхлүүлж, мөн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах металлург-химийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад нийт 762.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд эхний ээлжинд жилд 124.2 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал суурилагдах ажээ.
 
Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугамын өргөтгөлийг 2019 онд эхэлж, цар тахлын хугацаанд тасалдуулалгүй явуулсаар, өнгөрсөн онд жилд 6.0 сая тонн хүдэр нунтаглах хоёр тээрмийг ашиглалтад оруулсан бөгөөд үргэлжлүүлэн 2.0 сая тонн/жилийн хүчин чадлыг нэмж суурилуулахаар ажиллаж байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх танилцуулав. Засвар, механикийн заводын хүчин чадлыг орчин үеийн, дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдээр нэмж тоноглосноор тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй салбарын болон бүс нутгийн аж ахуйн нэгжүүдэд уул уурхай, хөдөө аж ахуйн техник хэрэгслийн засвар, сэлбэгийн үйлчилгээг зохих шаардлагын түвшинд үзүүлэх боломжтой болжээ.