ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

     Хөдөлмөрийн болон Хууль зүйн сайдын хамтарсан 2015 оны 10-р сарын 05-ны өдрийн А/180, А/217 дугаартай тушаалаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журмыг шинэчлэн  баталсан.

     Уг журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдсан болон шалгалт өгөх болзол, шаардлага хангасан иргэн буюу шалгуулагч жолоодох эрхийн шалгалт авахтай холбогдсон харилцааг зохицуулсан.

     Жолоодох эрхийн шалгалтыг авах эрх бүхий субьект

     Жолоодох эрхийн шалгалтыг нийслэлд Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв /Төрийн өмчийн мэргэжлийн боловрол, сургалтын байгууллага/, Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгжээс /орон нутагт бол тухайн нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн нэгж/-ээс томилогдсон комисс авна.

     Шалгуулагч дараах нөхцөлийг хангаснаар шалгалтанд орох эрхтэй болно. Үүнд:

- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох насанд хүрсэн;

- Эрүүл мэндийн үзлэгээр орж, тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэнэ гэсэн дүгнэлт бүхий баримт буюу эрүүл мэндийн үзлэгийн хуудас авсан байх;

- Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллагын элсэлтийн тушаалыг үндэслэн жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас авсан байх;

- “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодсон байх;

- “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодсон байх;

- “Е” ангиллын нэмэлт эрх авах шалгалтанд орох тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 1 жилээс доошгүй хугацаанд жолоодсон байх. 

      Дээрх нөхцөл шаардлагыг хангахаас гадна шалгуулагч дараах материалыг бүрдүүлсэн байна: 

1. Иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;

2. Эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

3. Жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас;

4. Цээж зураг, өнгөт, 1 хувь /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 см хэмжээтэй/;

5. Жолоочийн үнэмлэхний бүртгэлийн хуудас;

6.  Жолоодох эрхийн үнэмлэх /ангилал нэмэгдүүлсэн тохиолдолд/.

Жолоодох эрхийн шалгалт нь онолын болон дадлагын гэсэн  хоёр төрөлтэй. 

     Онолын суурь ангиллаар “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах болон шалгалтад анх удаа орох гэж байгаа тохиолдолд өгнө. Шалгалтын үргэлжлэх хугацаа 25 минут байна. Харин  “В”-ээс “С”, ”D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахаар бол  онолын шалгалтыг нэмэлт ангиллаар өгөх бөгөөд шалгалтын үргэлжлэх хугацаа 15 минут байна. 

 

    Дээрх шалгалт тус бүрийн дүнг “Тэнцсэн”, “Тэнцээгүй” гэсэн үнэлгээгээр дүгнэх бөгөөд шалгалтын дүнг шалгагч цаг тухайд нь үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна. Онолын шалгалтыг бичгээр буюу цахим төхөөрөмжөөр авах ба тухайн оногдсон тестийн 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан бол тэнцсэн гэж үзэн дараагийн шалгалтанд орох эрхтэй болно.

     Анхаарах асуудал:

- Шалгуулагч онолын шалгалтад тэнцээгүй тохиолдолд дадлагын шалгалтанд орох эрхгүй.

- Шалгуулагч дадлагын шалгалтын I шатлалын шалгалт /талбайн шалгалтан/-д тэнцээгүй тохиолдолд II шатлалын шалгалт /замын хөдөлгөөний шалгалт/-д орох эрхгүй.

- Шалгуулагч онолын шалгалтад тэнцсэнээс хойш 6 сарын хугацаанд дадлагын аль нэг шалгалтад тэнцээгүй эсхүл шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалтад тэнцсэн үнэлгээ хүчингүй болно.