АВТОМАШНЫ НҮҮРСЭН ЯНДАНГ УЛСЫН ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОХ БАРААНЫ ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүд “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, 2024.03.25-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль тогтоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна.
Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.
Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агуулагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/52073/