МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 4.6 дахь зорилт, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасныг үндэслэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төслийг шинээр боловсруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, нийцүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангах замаар төрийн нэгдсэн бодлого, удирдлага зохион байгуулалтыг бий болгох зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 
 
Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага болон олон улсын сайн туршлагыг тандан судалсны үндсэн дээр хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анхдагч хуулийн төслийг дараах байдлаар боловсруулжээ. Үүнд:
Хуулийн төслийн зорилт нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд нийт 5 бүлэг, 16 зүйлээс бүрдэхээр болжээ.