МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-д дурьдсанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх өөрчлөлттэй нийцүүлэхээр заасан. Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Улсын Их Хурлын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлж байгаа Улсын Их Хурал бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан Улсын Их Хуралд зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлсэн гэлээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/52167/