МАЛЧНЫ ТУХАЙ БОЛОН МАЛЧНЫ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Малчны тухай хуулийн төсөл, мөн Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 2024.04.19-ний өдөр Монгол Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.
 
Малчны тухай хуулийн төслийн талаар
Хуулийн төслийн зорилго нь уламжлал, өв соёлыг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх малчны эрх зүйн үндсийг тодорхойлох, малчны хөгжил, бүтээмж, хариуцлагатай байдал, хамтын санаачилга, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
 
Хуулийн төсөл нь 6 бүлэг 21 зүйл бүхий бүтэцтэй байна. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд дараах эерэг үр дүн гарна. Үүнд:
- Малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нийгмийн өмнө хүлээх эрх, үүргийг тогтоож, үйлдвэрлэгч-менежер, хариуцлагатай байх, хөгжих боломжийг нээнэ.
- Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхлэх өвөрмөц онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, зан заншлыг хадгалах, хамгаалахад чиглэгдсэн эрх зүйн зохицуулалтын орчин бүрдэнэ.
- Хариуцан ашиглах эзэн эрхийг малчдад олгох нөхцөлийг бүрдүүлснээр бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааны хариуцагч эзэн тодорхой болно.
- Малчдын залгамж халааг бэлтгэх, малчдад насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, цахим системийг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
- Малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах, ашиг шим, чанар, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгоно.
- Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ.
 
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх тухай хуулийн гол зорилго нь нийгмийн даатгалын санд хуульд заасны дагуу төлөх ёстой байсан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд алданги, хүү, торгууль тооцохгүй байх зохицуулалтыг агуулж байгаа аж. Уг тэтгэврийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан итгэлцүүрийн дагуу нөхөн төлүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.
 
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд 2021 онд өөрчлөлт оруулж, 2022 оны 01 дүгээр сарын  01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэвч хуулийн зорилтод бүлэг бүрэн хамрагдах боломжгүй байсан тул малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулах шаардлага үүссэн.