СУУЦ ӨМЧЛӨГЧ АШИГЛАЛТЫН ЗАРДЛАА ТӨЛӨХГҮЙ БОЛ ХАРИУЦЛАГА ТООЦДОГ БОЛНО

Засгийн газрын хуралдаанаар “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
 
Хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн олон эерэг үр дагавар бий болох юм. Тухайлбал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ. Дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцанд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах, бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болох юм.
 
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийг хуулиар зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
 
Мөн, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулснаар оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно гэж үзжээ.