ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ /2024.05.24/

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулсан. Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн холбогдох хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүй, техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийжээ.
 
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
 
Түүнчлэн, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
 
Мөн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтсон байна.