ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИЖ ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ТАНИЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ/2024.05.28/

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулсан юм.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4-т “Хүний аюулгүй байдал, Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх,  хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцөлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн.” гэж, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 3.2-т “Өрх, гэр бүлийн худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, эрэлт хэрэгцээнд нийцсэн байр сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.  
 
Иргэдэд орон сууц худалдан авахад зориулан олгох орон сууцын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 оноос хойших хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкнуудын эх үүсвэрээр 8.1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй орон сууцын зээлийг нийт 122.9 мянган иргэнд олгожээ. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 315.7 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 2687 зээлдэгчид олгоод байгааг төслийн танилцуулгад дурдав. Энэхүү хуулийн төслийг 6 бүлэг 27 зүйлтэй бөгөөд төрөөс орон сууцыг хөгжүүлэх, санхүүжүүлэх, Үндэсний орон сууцын корпорац, Орон сууцжуулах сан үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоох, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулалттай холбоотой харилцааг зохицуулах юм байна.
 
Ийн санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн