МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
 
Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст, эсхүл нээлттэй бусад цахим платформд байршуулах, үүнийг хэрэгжүүлэх хүрээнд цаас, цаасан баримтыг цахим баримтад хөрвүүлэх, бүх шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамж, техник технологийн асуудлыг шийдвэрлэсний дараа дагаж мөрдөх хугацааг тогтоох шаардлага үүссэн байна. Түүнчлэн шүүгч зэрэг дэвтэй байх бөгөөд шүүгчид зэрэг дэв олгох журмыг Улсын Их Хурал батлахаар болж буйтай холбоотойгоор шүүгчид олгох зэрэг дэвийг олгох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, санхүү төсвийн асуудлыг шийдвэрлэх хугацаа шаардлагатай байгаа тул холбогдох хэсэг, заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзжээ. 
 
Ийнхүү Байнгын хороо төслийн анхны хэлэлүүлгийг явуулсан бөгөөд хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Цогтбаатар гишүүн гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
 
Хуралдааны төгсгөлд Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2025 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм.
 
Хяналтын шатны шүүхийн цар хүрээ өргөжиж байгаатай холбоотойгоор хуралдааны тоо, хэмжээ нэмэгдэж байгаа аж. Мөн хуулиар тодорхойлсон албан ёсны тайлбар батлах учир судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ нэмэгдэж байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийг шүүгч тайлбарлан танилцуулдаг хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ ажлыг улсын хэмжээнд нэгдсэн аргачлалыг гаргаж, нэг чиглэлд оруулах ажлыг мөн гүйцэтгэж байгаа аж. Ирэх оны төсөвт шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн цахимжилтын хүрээнд төлөвлөлт хийгдсэн болохыг онцлов. Энэ хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байна. Улсын дээд шүүхийн гадаад харилцаа болон сургалт хөгжлийн арга хэмжээний зардал энэ оныхоос 20 орчим хувиар нэмэгдэж, төсөвлөгдсөн гэв. Улсын дээд шүүх нь Хангарди ордныг шилжүүлэн авах шийдвэр гарсан бөгөөд барилгыг шүүхийн стандартад нийцүүлэн засах, үүний дараа нүүх, байрших, цаашдын ашиглалтын зардал зэргийг мөн төсөвт тусгажээ. Мөн Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийн дагуу батлагдсан сүлжээгээр цалингийн хэмжээг тодорхойлж, төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Улсын дээд шүүхийн дэргэд ажилладаг бөгөөд тус хүрээлэнгийн зардлыг бас энэхүү багцад тусгасан гэлээ.