ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИАС

     Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Ажлын цагийн тухай ойлголт, 7 хоног бүрийн амралтын тухайд хэрхэн зохицуулж өгсөн талаарх зөвлөгөөг хүргэж байна.      

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмын тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

    Мөн тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний байгууллагаас бусад байгууллагад ажил олгогчийн санаачилгаар нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр /бямба, ням гарагт/ ажилтныг ажиллуулахыг хуулиар хориглосон боловч ажил олгогч, ажилтан 2 хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцож дээрх өдрүүдэд ажиллаж болохоор заажээ.

    Ажлын онцлогоос болж долоо хоногийн хоёр амралтын өдөр ажилладаг ажилтныг өөр дараалсан 2 өдөр амраана. Ийнхүү долоо хоногийн амралтын өдөр ажилладаг ажилтныг өөр дараалсан 2 өдөр амруулаагүй бол 1,5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс олгохоор хуульчилсан байна.

    Тиймээс илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амраах тушаал гаргах, эсвэл цалинг олгохдоо дээрх нэмэгдэл хөлс олгосноо баримтжуулаагүй бол эрх бүхий байгууллагаас нэмэгдэл хөлсийг олгоогүй гэсэн шийдвэр гаргах магадлалтайг ажил олгогч анхаарч ажиллах ёстой.

     Хөдөлмөрийн гэрээ, тушаалд бичигдсэн ажилтны үндсэн цалинд илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг оруулан тооцдоггүй. Харин уг үндсэн цалинд үндэслэн дээрх 1,5 болон 2 дахин нэмэгдэл цалин хөлсийг сар бүр бодож олгох ёстой юм.

     Хэрэв танай байгууллага хөдөлмөрийн гэрээ, тушаалд бичигдсэн ажилтны үндсэн цалинд илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг оруулж тооцож байгаа бол уг зөрчлөө энэ зөвлөмжийн дагуу засах нь зүйтэй.

Нийтээр тэмдэглэх баярын амралтын өдрүүдийн тухайд

     Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилтныг амраах ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар дор дурдсанаас бусад тохиолдолд ажиллуулахыг хориглоно. Үүнд:

1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;

2. байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;

3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх;

5. тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.

     Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно. Хэрвээ ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.