УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын Намрын чуулганы 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Уг хуулийн төслийн дагуу “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр болж байгаа юм байна.
Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 12 дүгнэлтээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэсний дагуу Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг 2015 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байсан билээ.