“ШИНЭ ХАРХОРУМ” ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай 07 дугаар тогтоолыг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр баталсан. Энэ хүрээнд “Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 улсын 36 багийн шилдэг бүтээлүүдийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлаас "Шинэ Хархорум” хотыг байгуулах, их бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил хэрэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Улсын Их Хурлын даргын захирамжаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсгийг байгуулсан байна.
“Шинэ Хархорум” хот нь олон улсын чанартай нисэх онгоцны буудал, Чойроос Мандалговь, Арвайхээр, Хархорум хотыг холбосон автозамын сүлжээ, Мөрөнгөөс Цэцэрлэг, Хархорум хотыг холбосон аялал жуулчлалын автозамын бүтээн байгуулалт хийгдэхээс гадна Улаанбаатар хотоос Хархорум хотыг холбосон төмөр зам тавигдахаар төлөвлөгдөж байна. Үр дүнд нь бүс нутгийн хөгжил, ялангуяа Говийн бүс, Хангайн бүс, Баруун бүс нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт, амьдралын чанарт томоохон ахиц дэвшил авч ирэх бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа 2050” бүрэн хэрэгжихэд онцгой үүрэгтэйг тодотгон болно.
“Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад шилдэг 5 багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулна.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/62727/