ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСЛИЙН ҮНДСЭН ЗУРАГ, ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ЗӨВШИЛЦӨХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.30/ хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд танилцуулга хийв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны 15 дугаар тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцад түшиглэн цахилгааныг 300 МВт-аар, дулааныг 395 МВт-аар үе шаттай өргөтгөн шинэчлэх төслийг эрчимжүүлэх хэлэлцээрийн төслийг боловсруулж, 2024 оны 04 дүгээр сард Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайдад хүргүүлсэн. Улмаар тус улсын Эрчим хүчний яамнаас хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдын саналыг тусгаад 2024 оны 07 дугаар сард хариу ирүүлээд байгаа. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан хоёр улсын Эрчим хүчний яамд энэ оны 08 дугаар сард харилцан зөвшилцөж, хамтран ажилласан хэмээв.
Уг хэлэлцээрийн төсөл нийт 11 зүйлтэй бөгөөд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1x50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4x12 МВт) блок станцыг буулгаж, сууринд нь 250 МВт-ын (2x125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг, төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар “ДЦС-3” ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон “Интер РАО Экспорт” компанийг томилох асуудлыг зохицуулахаар тусгасан. Зураг төсөл боловсруулах ажлын үр дүнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн барилга угсралтын ажлын нийт төсөвт өртөг, хугацааг нарийвчлан тодорхойлж, цаашид ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлийн нөхцөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх зэрэг асуудлыг Оросын талтай хэлэлцэн тохиролцох нөхцлийг бүрдүүлэх суурь баримт бичиг болно хэмээн танилцууллаа.
Ийнхүү хэлэлцсэний дараа Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын "Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62,5 хувь нь дэмжлээ. Төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/62870/