МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон тэдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформын эхний шатыг хэрэгжүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлуудыг дорвитой шийдвэрлэхэд чиглэснээрээ онцлог хэмээгээд, энэ хүрээнд 2025 оны төсвийн бодлого бүхэлдээ хөгжлийн том төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэнэ гэлээ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан бүсүүдийн авто зам, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн нийт 6.9 их наяд төгрөгийг төлөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг дэмжих жил болж буй аж. Үүний 24 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь зам тээврийн салбарт, 8 хувь буюу 0.6 их наяд төгрөг эрчим хүчний салбарт, 11 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь инженерийн дэд бүтцийн чиглэлээр, үлдсэн нь бусад салбарт хэрэгжихээр төлөвлөжээ.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж зэрэг төслүүдийн санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийн төсөлд тусгажээ.
Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборын барилга угсралтын ажилд 210.0 тэрбум төгрөг, АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төслийн ус гүн цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажилд 202.0 тэрбум төгрөгийг тусган санхүүжүүлэхээс гадна хоногт 250,000 м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80.0 тэрбум төгрөгийг 2025 онд тусгасан байна.
Нийслэлийн хэт төвлөрлийг шийдэх зорилгоор “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”-ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлнэ хэмээн төлөвлөсөн аж. Ирэх 2025 онд нийт 2,120.9 км авто замыг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд үүнд аймгийг аймагтай холбох 1079.7 км, аймгуудыг боомттой холбох 708.6 км, аялал, жуулчлалын 332.6 км авто зам барихаар тооцжээ.
Хөгжлийн төслүүдийн үр дүнд эдийн засгийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэж, хөдөө орон нутагт гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнес эрхлэх орчин нөхцөл, амьдралын чанар эрс сайжирч, эдийн засаг, нийгмийн зорилтууд хангагдах суурь болно хэмээн үзжээ.
Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн зорилттой уялдсан татварын бодлого хэрэгжүүлж, төрийн өмч хөрөнгийн үр ашгийг өсгөхөөр төлөвлөжээ. Мөн боловсруулах үйлдвэрийг татварын бодлогоор дэмжин, үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/62871/