ТАНАЙ ГЭР БҮЛ ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХЫГ ХҮСЧ БАЙВАЛ...

     Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт Хүүхэд үрчлэх талаарх эрх зүйн харилцааг зохицуулсан байдаг.  Харин Гадаадын иргэн Монгол улсын харьяат хүүхэд үрчлэн авахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-58.10 дахь заалтууд, Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай олон улсын конвенц,  Хууль зүй дотоод хэргийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2001 оны 100/32 дугаар тушаалаар баталсан “Гадаадын иргэнд Монгол улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам” зэрэг баримт бичгүүдээр зохицуулж байна.

       Та дараахь материалыг бүрдүүлэн хүүхдийн оршин суугаа газрын ЗДТГ-т хандаж хүсэлтээ гаргана.

Үрчлүүлэгч талын бүрдүүлэх материал:

- Хүүхдийн төрсний гэрчилгээ

- Төрсний гэрчилгээний лавлагаа

- Баг, хорооны засаг даргаар цохуулж нотариатаар батлуулсан эцэг, эх/ асран хамгаалагчийн өргөдөл

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/

- 7 нас хүрсэн бол хүүхдийн өөрийнх нь зөвшөөрөл

- Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа бол тухайн хүүхдийн байгууллагын зөвшөөрөл /хүүхэд үрчлэх, үрчлүүлэх эрх бүхий асран хүмүүжүүлэх байгууллагад хамаарна/

Үрчлэн авагч талын бүрдүүлэх материал:

- Өргөдөл /нотариатаар батлуулсан байх/

- Гэрлэлтийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан байх/

- Эцэг, эхийн иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/

- Эрүүл мэндийн хуудас /сүрьеэ, ДОХ, сэтгэц, арьс өнгөний өвчинтэй эсэх талаарх эмнэлгийн тодорхойлолт/

- Цагдаагийн ерөнхий газрын буюу орон нутгийн цагдаагийн байгууллагын тодорхойлолт

- Эцэг, эх болох хүмүүсийн зан байдал, өрхийн орлогыг тодорхойлсон албан байгууллага буюу оршин суугаа баг хорооны тодорхойлолт

Дараахь тохиолдолд хүүхэд үрчилж авахыг хориглоно:

- 60-аас дээш настай /хэрвээ хүүхэд бүтэн өнчин бол энэ насны хязгаарыг харгалзахгүйгээр төрөл садны хүнд үрчлүүлнэ/

- Эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулсан буюу хасуулж, хязгаарлуулж байсан

- Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн

- Ашиг хонжоо олох зорилготой

- Сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг

- Эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон  хорих ял эдэлж байгаа хүн

- Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэр бүл

Бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор шийдвэрлэж иргэнд хариу мэдэгдэж бичиг баримтыг олгоно.