УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 
 
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэхдээ “… холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул Улсын Их Хурлын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.” гэжээ.
 
Үргэлжлүүлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж зарим ажлын хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахалж ажиллаж байгаа юм байна. Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын зарим гишүүд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл, цаашид хийх өөрчлөлт, тулгамдсан асуудал зэрэг сэдвээр санал солилцсон байна. Үүний үр дүнд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах, санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулан ажиллуулахаар болсон байна.
 
Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулжээ. Хуулийн зохицуулалт, бичилт, техник энгийн ойлгомжтой биш, хууль бүтээх бүхий л үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангалттай хэмжээнд хангадаггүй. Өдгөө хэрэгжиж буй Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахаар тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа учраас дээрх хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай хэмээн үзсэн байна. 
 
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байна.