“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА
Хот, тосгоны эрх зүйн байдлын тйухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарт даалгаж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад үүрэг болголоо.
УИХ-аас 2024 оны 06 сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.
Мөн Засгийн газрын 2024 оны 07 сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, туннел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.
Эх сурвалж: https://mongolia.gov.mn/news/view/27037