МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2024 ОНЫ 03 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН БОЛОВСРУУЛСАН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВУУЛЛАА

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы (2024.10.04)-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.4 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
 
Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
 
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал танилцуулсан. 
 
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээрийн зүйлийн 39.24-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн санал, дүгнэлтэд дурдсан байв. 
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин “Цагдаагийн албаны тухай хуулийн нэг заалт иргэний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг дордуулж байгаа талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсан. Гэхдээ салбарын хуульд нь холбогдох зохицуулалт байхгүй атал хүний эрхийг зөрчдөг байгууллага цөөнгүй байгааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо анхааралдаа авч, цаашид иргэний үндсэн эрхэнд халддаг энэ байдлыг зогсоох чиглэлээр ажиллах нь зүйтэй” гэж байлаа.
 
Хуулийн төсөлд 26.2 дахь хэсгийг “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэж өөрчлөн найруулахаар тусгасан байв. Ингээд Байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
 
Эх сурвалж: https:www.parliament.mn/nn/63062/