МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийн төсөөллийг Дэлхийн банк 4.8 хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл “В+” тогтвортой түвшинд хүрч, нэг хүнд ногдох үндэсний нийт орлогоор Дэлхийн банкны ангиллаар дунджаас дээгүүр ангилалд шилжиж, хамтарсан Засгийн газар байгуулагдан хөгжлийн томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарласнаас хойш төсөөллөө ахиулж 6 болон түүнээс дээш хувь байхаар тооцооллоо шинэчилсэн гэв. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5-аас доошгүй төслийг 2025 оны төсвийн жилд эхлүүлж чадвал оны эцэст ДНБ 95.0 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Засгийн газраас боловсруулсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн үзүүлэлтийг 2025 оны төсвийн нийт эх үүсвэр 35.8 их наяд төгрөг, урсгал зардал 24.5 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтын зардал 4.3 их наяд төгрөг, Тогтворжуулалтын сан 608.9 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн сан 2.4 их наяд төгрөг байхаар тооцжээ.
2025 оны төсвийг төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж чадвал, эдийн засгийн өсөлт 7-8 хувь болж, экспортын орлого 19.0 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, өрхийн бодит орлого дунджаар 15 хувиар өсөж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэх, 35.0 мянган ажлын байр шинээр бий болно гэдгийг Ерөнхий сайд танилцуулгадаа онцлон тэмдэглэв.
Дараа нь хуулийн төсөлд хийсэн Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.
Тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформ, нийслэлийн төвлөрлийг сааруулах том төслүүдийг эхлүүлэх зорилтын хүрээнд төсөвлөгдсөн байна гэлээ.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурт нийцэж байгаа эсэхэд аудитаар дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтэд, Төсвийн орлого төлөвлөлтийн талаар:
-Төсвийн орлогыг эдийн засгийн мөчлөг дагуулан өндрөөр төлөвлөж байна.
Төсвийн зарлага төлөвлөлтийн талаар:
-Эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна.
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг нэмэгдүүлэx шаардлагатай байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын талаар:
-Хөрөнгө оруулалтын бодлого нь макро эдийн засаг, нийгмийн тэргүүлэх зорилгод чиглэсэн байна.
-Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага байна.
-Хөрөнгө оруулалтын төслийг сонгох, эрэмбэлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
-Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн оновчтой хувилбарыг тодорхойлох шаардлагатай.
Засгийн газрын нийт өр, төлбөрийн талаар:
-Засгийн газрын өрийн үлдэгдэл жил ирэх тусам нэмэгдэж байна гэж тус тус дурдсан байлаа.
Өнгөрсөн жилүүдэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар гаргаж ирсэн удаа дараагийн тайланд тусгагдсан дүгнэлт, зөвлөмжүүдтэй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлт нийцэж байгаа аж.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар “Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг баталсны дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцдэг. Учир нь хуулийн төслүүдийн нийцлийг хангах холбогдох хуулийн заалтай” гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох заалтад үндэслэн тав хоногийн завсарлага авах саналаа танилцууллаа. Уг саналыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүлээн авсан. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар өндөрлөв
Эх сурвалж: https:www.parliament.mn/nn/63062/