“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН СУРГАЛТЫН АГУУЛГА БА ХЭРЭГЦЭЭ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга ба хэрэгцээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2024 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. 2024 оны 04 дүгээр сард УИХ-аас баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-т бүх шатны төрийн албан хаагчдыг ёс зүйн багц цагийн цахим сургалтад жил бүр хамруулна гэж заасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд цахим сургалтын сэдэв, агуулгыг тодорхойлохын тулд Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Ёс зүйн дэд хороод, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцсон юм.
Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлсэн үгэндээ, төрийн албаны үнэт зүйлсийг хэвшүүлж, мэргэшсэн, тогтвортой байдлыг дээшлүүлэхийн тулд бүх шатны төрийн албан хаагчид ур чадвар, хариуцлага, ёс зүйн манлайллаар түүчээлэх ёстой гэдгийг тэмдэглэв. Тэрбээр төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг сахиулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх, мөн соён гэгээрүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ. Түүнчлэн энэ удаагийн парламентаас дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” шинэтгэлийн хүрээнд хүн төвтэй, иж бүрэн зохицуулалттай, цаг үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчныг цогцлоосноор нийгэмд шударга ёс тогтож, авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэлтэй аливаа зөрчил буурна гэж тодотголоо.
Байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэхдээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, улмаар Ёс зүйн хороо болон Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус байдлыг хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж буйгаа дурдсан юм. Хэлэлцүүлэг “Ёс суртахууны төлөвшил ба Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын арга зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтын агуулга” зэрэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ.
Төрийн албаны ангиллаас хамааран 6 өөр зорилтот бүлэгт чиглэсэн, нийт 48 цагийн цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулсан тухай Ёс зүйн хорооны гишүүн, доктор Ч.Эрдэнэчимэг танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс сургалтын агуулга, хэрэглэгдэхүүн, үнэлгээ болон үр дүнг тооцох аргачлалын талаар асуулт асууж, саналаа хэлцгээсэн юм. Тэд ёс зүйн манлайллаар дамжуулан байгууллагын соёлыг төлөвшүүлснээр төрийн албаны үнэлэмж төдийгүй иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдэгт санал нэгтэй байлаа.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/63090/