МОНГОЛ УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы (2024.12.06)-ны өдрийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд тус өдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
 
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгаад байгаа юм. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласныг дурдаж, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед тус ажлын хэсгээс нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
 
Ажлын хэсэг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 
 
Эх сурвалж: https:www.parliament.mn/nn/63572/