МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙВ
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо (2024.12.09)-ний өдөр хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авч алдагдалгүй төсөв батлах чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 онд төсвийн төслийг шинэчлэн боловсруулсныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдаад, зардлыг бууруулах талаар баримталсан зарчмуудыг нэрлэсэн юм. Юуны өмнө, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хуул зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүх, прокурорын байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисс зэрэг байгууллагын урсгал зардлыг хэвээр үлдээсэн байна. Харин хөрөнгө оруулалтын “Хавдар судлалын Үндэсний төв-II” төслийг нэмжээ.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн хөрөнгө оруулалт, зарлагыг бууруулсантай холбогдуулан нийт орлогыг 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн болон нийт зарлага ба цэвэр зээлийн дүн тэнцүү 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35.2 хувь болсноор тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай болохоор гарсан байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй. Иймд хуулийн төслүүдийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: https:www.parliament.mn/nn/63586/