ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗӨӨЖ ШИЛЖҮҮЛЭХ, ТҮР СААТУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалаар “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ыг нэгдүгээр, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд уг тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2014 оны А/218, 2015 оны А/30 дугаар тушаалууд хүчингүй болсон.

Та бүхэнд энэхүү шинэчлэгдэн батлагдсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын /цаашид журам гэх/ талаар товч танилцуулгыг бэлтгэн хүргүүлж байна.

Журмаар зохицуулах харилцаа, зорилго

Энэхүү журмын зорилго нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн шийдвэргүйгээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхийг хориглох бөгөөд цагдаагийн байгууллага буюу алба хаагч тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхдээ энэхүү журмыг мөрдөж ажиллах юм байна.

Тээврийн хэрэгслийг түр саатуулах үндэслэл

Тус журмаар дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг түр саатуулахаар байна. Үүнд:

-   Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол;

-   Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол;

-   Ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон;

-   Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан;

-   Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүнд буюу овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн;

-   Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл гэмт хэргийн нотлох баримтыг агуулж байгаа;

-    Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож яваа;

-    Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж тогтоох, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай үед;

-    Хууль сахиулах байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үндэслэл

Тус журмаар дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр байна. Үүнд:

-    Эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдохгүй байгаа тээврийн хэрэгслийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор зөөж шилжүүлэх;

-    Өндөр хэмжээний зочин, төлөөлөгчийн болон нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтыг зохион байгуулах үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор;

-    Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан. зэрэг болно.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ дараах ажиллагааг баримтална. Үүнд:

v тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхийн өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч /эзэмшигч, өмчлөгч/ ирвэл захиргааны шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх;

v зөөж шилжүүлсэн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар бэлэн бус торгуулийн хуудас хүргүүлэх;

v тээврийн хэрэгслийг 10 км-ээс хол зайд зөөж шилжүүлэхгүй байх;

v тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлмэгц автомашины марк, улсын дугаар болон зөөж шилжүүлсэн шалтгаан болон хаана хүргэх талаарх мэдээллийг лавлах утсанд бүртгүүлэх.

Бусад

Тээврийн хэрэгсэлийг зөөж шилжүүлэх түр саатуулах үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутэй этгээд хариуцна. Хохирлын асуудлыг гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.

Харин тээврийн хэрэгслийг зөөж шилүүлсэн, түр саатуулах хашаанд байсан хугацааны төлбөрийг буруутай этгээд /жолооч/-ээр төлүүлэхээр заасан байна.

Мөн журмаар Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа, түүнд тавигдах ерөнхий шаардлага, Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/-нд тавигдах шаардлага, харуулын гүйцэтгэх үйл ажиллагаа зэргийг тодорхойлон зохицуулсан байна.