“ХУРДАЦТАЙ ӨӨРЧЛӨГДӨН БУЙ ДЭЛХИЙ ЕРТӨНЦ ДЭХ МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГО” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуультай хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэн, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монголын МГИМО төгсөгчдийн холбооны дэмжлэгтэйгээр “Хурдацтай өөрчлөгдөн буй дэлхий ертөнц дэх Монгол Улсын гадаад бодлого” сэдэвт онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордонд зохион байгууллаа. Манай улс гадаад бодлогын үндсэн суурь баримт бичиг болсон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалдаа энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан, нээлттэй, гадаад бодлоготой байхаа тусган хэрэгжүүлж байгаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн дахинд өрнөж байгаа үйл явдлууд, өөрчлөлтүүд Монгол Улсын хувьд энэ бодлогоо тууштай хэрэгжүүлэх, илүү тодотгож, бэхжүүлэх шаардлага байгааг бидэнд тодхоноо харуулж байна хэмээн онцлов.Тэрбээр, Сүүлийн жилүүдийн терроризм, дайн байлдаан, өнгөт хувьсгал зэрэг тогтворгүй байдлууд, залгаад цар тахлын нөлөөлөл, геополитикийн хүчин зүйлс зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлууд үндсэндээ олон улсын тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн дэг журмыг өөрчилж байна.
Дэлхийд өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөн, дайны асуудлууд нь дэлхий ертөнцөд энх тайванч байх нөхцөлийг улам холдуулж, улс орнууд аажим аажмаар батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэн зэвсэглэлээр хөөцөлдөж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, олон улсын дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа өөрчлөгдөж хүчний шинэ шилжилт хөдөлгөөн эрчимжиж байгаа, улс гүрнүүдийн сонирхлын зөрчил идэвхжиж байгаа, зарим гүрнүүдийн 1 талт буюу үндсэрхэг бодлого газар авч байгаа энэ цаг үед бид гадаад бодлогодоо илүү анхаарал хандуулах, даван туулахад оролцоогоо илүү идэвхжүүлэх шаардлага тулгарч байна хэмээлээ.Энэ ч үүднээсээ онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын гадаад бодлогыг олон талаас нь хэлэлцэн түүний шинэ сорилт, ололтын талаар судлаачдын байр суурийг сонсож, хэлэлцэх боломж бүрдэнэ гэж харж байгаагаа тэрбээр илэрхийлээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэ өдрийн хурлын үндсэн илтгэлийн эхнийх нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаярын “Монгол Улсын Гадаад бодлогын шинэ парадигм: Сорилт, ололт, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэл байв. Дараа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын бодлогын ахлах шинжээч, доктор Г.Базарваань “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг гадаад бодлогын арга хэрэгслээр хангах нь”сэдвээр илтгэл танилцуулсан. Мөн хуралд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч, доктор Ё.Жаргалсайхан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн арга хэрэгслээр хангах нь” сэдвээр илтгэл тавив. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрхлэгч, доктор, профессор А.Даваасүрэн “Монгол Улс, ОХУ-ын худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл, Хятад судлаач, доктор Х.Баярхүү “Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэл: асуудал шийдэл” сэдэвт илтгэлдээ БНХАУ-ын гадаад бодлого, шийдвэр гаргалт, Иж бүрэн стратегийн түншлэл, хоёр орны худалдааны нөхцөл байдлын талаар танилцуулав. Тэрбээр, Монгол, Хятадын харилцаа улс төрийн хувьд иж бүрэн стратегийн түвшинд хүрч харилцан итгэлцэл харилцаа, хамтын ажиллагаа маш идэвхтэй өрнөж байгаа ч хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх хүрээнд цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага байгааг тодотгосон. Үүнд уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт, боомтын холболтын түргэтгэх шаардлагатай хэмээгээд эрчим хүч, ногоон, сэргээгдэх эрчим хүчний салбарт үлгэр жишээ төсөл хэрэгжүүлснээр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг дээшлүүлнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Үдээс хойших хуралдаанаар “Монгол Улсын гадаад бодлогын шийдвэр гаргах үйл”, “ШХАБ-ын өргөжилт ба Монгол Улс”, “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсын энхийг сахиулах ажиллагаа: Сорилт, боломж”, “Их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн ба Монгол Улс дахь түүний тусгал” сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/74025/