ХАРХОРУМ НЬ УХААЛАГ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ, УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БАЙХ ЭРХ ЗҮЙН ҮНДСИЙГ ТОГТООВ

Засгийн газраас Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийг эцэслэн баталлаа. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” 230 дугаар зарлиг гарган Орхоны хөндийд Монголын эзэнт гүрний нийслэлийг байгуулж байсан түүхийн улбааг өртөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх үүднээс Хархорум хотыг байгуулах асуудлаар холбогдох судалгааг хийж, төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.
 
Улсын Их Хурал “Орхоны хөндийд “Хархорум” хот байгуулах тухай” 2023 оны 7 дугаар тогтоолыг баталж, “Хот байгуулах тухай” 2024 оны 72 дугаар тогтоолоор “Хархорум” хотыг улсын зэрэглэлтэй хот байхаар тогтоосон.
 
Засгийн газар Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжихтэй холбогдох тусгайлсан хууль шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн зорилт нь түүхэн нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, эрх зүйн үндсийг тогтооход оршино.