ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Энэ удаад Улсын Их Хурлын намрын чуулганы 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар баталсан “Хамтын тэтгэврийн тухай хууль[1]”-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Энэхүү хууль нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм. “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийн зорилт нь Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байхад авч байсан тэтгэвриөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1. Хамтын тэтгэвэр олгох нөхцөл.
- Хамтын тэтгэвэр авагч нь эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн Монгол улсын иргэн байх;
- Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан, гэр бүлээ баталгаажуулсан эхнэр эсвэл нөхөр;
- Холбогдох тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсхүл нөхөр нь уг хуульд заасан насанд хүрээгүй бол зохих тэтгэврийг насанд хүрсэн үед нь олгож эхэлнэ.
- Энэхүү эрх нь түүний эхнэр эсхүл нөхрийг нас барснаас хойш 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана.
2. Хамтын тэтгэвэрт хамаарахгүй байх нөхцөл
“Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу дараах нөхцөл байдал бий болсон бол хамаарахгүй байхаар заажээ. Үүнд:
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт хамтран амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй;
- Гэр бүлийн баталгаатай мөртлөө тус тусдаа амьдардаг эхнэр, нөхөр;
- 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй, дахин гэр бүл болж хамт амьдарсан бол уг тэтгэвэрт хамрагдахгүй юм.
3. Хамтын тэтгэврийн хэмжээ.
Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамтын тэтгэвэр авах эрх үүссэн буюу “Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ” олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүний амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийнх нь 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг олгохоор тусгажээ.
Түүнчлэн “Тэтгэврийн давхар эрхийн гэрчилгээ”-г өөр этгээдэд худалдах, бэлэглэх, барьцаалах, гэрээслэхийг хоригложээ.
4. Хамтын тэтгэврийг олгоход бүрдүүлэх баримт бичиг
- Тэтгэвэр авахыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Гэрлэлтийн гэрчилгээ
- Хүсэлт гаргагчийн болон нас барсан эхнэр, нөхрийн тэтгэврийн дэвтэр, хуулбар
- Нас барсны гэрчилгээ
- Оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт
Дээрх баримт бичгийг бүрдүүлсэний дараагаар Нийгмийн даатгалын байгууллагын аймаг, дүүргийн салбар нэгж, сумын байцаагчид хүсэлтээ гаргах бөгөөд Нийгмийн даатгалын төв байгууллага тус тэтгэвэр олгох ажлыг гүйцэтгэх юм.