“ОЮУТАН-ЦЭРЭГТ ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ”-ЫГ БАТАЛЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 сарын 12 өдрийн 85 дугаар Тогтоолоор “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг хавсралтаар баталсан байна. 
 
Энэхүү журмаар Цэргийн сургуулиас бусад магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын эрэгтэй оюутан,  мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын эрэгтэй суралцагчийг сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтанд хамруулж, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
 
Сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг тухайн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд бүртгэх бөгөөд оюутныг төрийн мэдээллийн нэгдсэн системээр бүртгэнэ. Шаардлагатай бол бүртгэлийн хугацааг 5 хоногоор сунгаж болно.
 
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын  байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;
- Тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн 1 жилд төлсөн байх;
- Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх.
 
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч нь сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл, сургалтын төвийн тодорхойлолт, сургалтад хамруулах тухай зөвшөөрөл, дүнгийн хүснэгтийг бүрдүүлэн харьяалах аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабд биечлэн бүртгүүлнэ.