МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГУРВАЛСАН ХЯМРАЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан сайд нарын дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцож, Төв Азийн бүс нутагт тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, орчны бохирдол гэсэн гурвалсан хямралын талаар байр сууриа илэрхийллээ.
Энэхүү хэлэлцүүлэгт Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Түркменистан болон Монгол Улсын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцож, бүс нутгийн нийтлэг тулгамдсан байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулан, сайн туршлага, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг харилцан хуваалцсан юм.
Тухайлбал, бүс нутгийн зарим улс хуурай бүсэд тохирсон жимс жимсгэний аж ахуй, тэсвэртэй мод, бут тариалах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэргээр эерэг үр дүнд хүрсэн туршлагуудаа танилцуулсан байна.
Монгол Улсын зүгээс:
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хувийн хэвшлийг татан оролцуулж буй жишиг;
• Байгаль хамгаалах итгэлцлийн санг байгуулж, байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн нь;
• Хөв цөөрөм байгуулах, ховордсон ан амьтдыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээнүүдийг танилцуулжээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогч орнууд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, мөн Узбекистаны Ногоон Их Сургуульд боловсон хүчин бэлтгэх чиглэлд харилцан санал солилцсон байна.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/366073