ИННОВАЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙН ҮР ДАГАВАРТ ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаанаар Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал, өмнөх байнгын хорооны хуралдаанаар Мэдээллийн технологийн тухай хуулийн хэрэгжилтийг сонссон. Инновац, технологийг дэмжих чиглэлд батлагдсан боловч хэрэгждэггүй хэд хэдэн хуулиуд байна. 2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаас хойш 5 жил тутам үнэлгээ хийгдэх ёстой боловч үнэлээгүй өдий хүрсэн байна. Тиймээс Инновацийн тухай хуулийг хэрэгжилтийн талаар дүнгэлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолсон.
Монгол Улсын Инновацийн дэд бүтцийн хэрэгжилт нь технологийн паркууд, инкубаторууд, хамтын оффисууд болон төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжиж байна. Гэвч тус салбарын хөгжил, дэд бүтцийг дэмжихэд асуудлууд байгаа бөгөөд цаашид илүү үр ашигтай, тогтвортой хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын чанар, хяналт, үйл ажиллагааны үр дүнгийн талаарх үнэлгээ хийх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэх зэргээр танилцуулаад төрөөс инновацийг дэмжих тухайд маш олон төрлийн дэмжлэгийн төрлүүд байх бөгөөд хамгийн чухал нь мэдээж инновацийг санхүүжүүлэх явдал байна гэв.
Ажлын хэсгээс стартап буюу гарааны компаниудыг дэмжих 10 төрлийн ажлыг 1,4 тэрбум төгрөгийн төсвөөр санхүүжүүлэн дэмжихээр төлөвлөж байна. Манай улсын инновацийн индекс ухарсан гол шалтгаан нь мэдлэгт суурилсан бизнес эрхэлсэн бүтэц сул, судалгаа хөгжүүлэлтийн зардал бага зэрэг хэд хэдэн шалтгаанаар индексийг хойш нь татаж байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг, технологи шингээсэн үйлдвэрлэл хөгжих боломж тааруу гэсэн үг. Мөн хоёрдугаарт, Инновацийн тухай хууль гарааны компаниудыг дэмжсэн чиглэлд илүү олон заалттай байна. Томоохон компаниудад зориулсан дэмжлэг үзүүлэх заалт байхгүй зэрэг нь хуулийн бас нэгэн дутагдалтай тал юм гэв. УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Золжаргал, 2012 онд батлагдсан энэхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй, дагалдан гарах журам гараагүй, үнэлгээ хийгдээгүй улмаар урт, дунд хугацааны хөтөлбөр гарах ёстой байсан боловч гарсангүй. Тиймээс байнгын хороо манай улсад хүчиг төгөлдөр мөрдөгдөж буй ч хэрэгждэггүй инновац, технологийн чиглэлийн хуулиудын хэрэгжилтийн мэдээлэл авч байна. Цаашид салбарын уялдаа холбоог хангах, хуулиудыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд холбогдох яамтай ярилцаж, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах ёстой юм хэмээн дүгнэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/