ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Улсын Их Хурал 2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025.06.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан.
 
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024.06.05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулахаар тусгасан хэмээлээ.
 
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэдгээрээс нэр дэвшүүлж томилогдсон Засаг дарга нь 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хотын Зөвлөл, Захирагч хуулийн дагуу сонгогдох хүртэл харьяалах хотын Зөвлөл, Захирагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан ч уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд тодорхой бэлтгэл хангах шаардлагатай гэж үзсэн байна. 
 
Ажлын хэсэг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг 2025.06.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд Засгийн газраас бэлтгэл ажлыг хангалттай хийгээгүй, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн тул уг хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр буюу 2025.06.01-ний өдрийг хүртэл хойшлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд гишүүдийн олонхын саналаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.