ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар 2025.05.30-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголт байгаа. Шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж байгаа нь “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж, шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, аюулгүй” гэсэн субъектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж байна гэж төсөл санаачлагчид үзэж байна. Иймд Эрүүгийн хууль дахь нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ.
Мөн Эрүүгийн хуульд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээнд хамруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал гэж үзэж байна. Тиймээс “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томьёолж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхөөр төсөлд тусгасан талаар танилцууллаа.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/74940/