УЛААНБААТАР ХОТЫН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН НЭМЭГДЛИЙГ ЦУЦЛАХ ТАЛААР ГАРГАСАН НИЙТИЙН ӨРГӨДЛИЙГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн асуудлаар хэлэлцэв. 
 
2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Иргэн Э.Б-ын “Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлах” асуудлаар гаргасан өргөдлийг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн тул Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан байна.
 
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2010 оноос хойш суудлын автомашины албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотээврийн албан татварын хувь хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан 4 төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмэгдүүлсэн байна. 
 
Түүнчлэн Ажлын хэсгээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессын алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах зэрэг санал гаргав.
 
Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн Төсвийн байнгын хорооны “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг боловсруулсан ба уг төсөлд Улсын Их Хурлын Тамгын газраас эрх зүйн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ.