ХОРВАТЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хорватын парламентын гишүүн, тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга, Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын хууль тогтоох байгууллагын хоорондын харилцааг өргөжүүлэх, парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг боловсрол, эдийн засаг, соёл, батлан хамгаалах болон залуучуудын солилцооны чиглэлд гүнзгийрүүлэх талаар санал солилцов. Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Хорватын талаас оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар дурдаад, Монголын ардчиллын хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорват Улсын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломжийн талаар ярилцсан.
Түүнчлэн талууд парламент хоорондын шууд харилцаа, харилцан айлчлал, боловсрол, судалгаа, энхийг сахиулах ажиллагаа болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цаашид үр дүнтэйгээр гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/74997/