ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.06.23/ хуралдаж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр, Олон улсын харилцаа, геополитикийн хурцадмал нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа энэ цаг үед худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Улсын Их Хурлаас 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах буюу тус хуулийн 1 дүгээр зүйлд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргатай холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/75130/