ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ДАВЖ ЗААЛДАХ ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ, ЗАРИМ АНХААРАХ ЗҮЙЛ

I.  ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ.

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийг давж заалдах гомдлыг үндэслэн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, бүхэлд хянан үзэх үүрэгтэй шүүх юм.

     Давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээд: Хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүнчлэн тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй.

     Давж заалдах гомдол гаргах эрх үүсэх, дуусгавар болох: Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаар гомдол гаргах эрх үүсэх ба гардан авсан өдрөөс хойш 14 хоноод гомдол гаргах эрх дуусгавар болдог.

     Давж заалдах гомдлыг хүлээн авах: Анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан тухайн шүүхийн нарийн бичгийн дарга хүлээн авна.

     Давж заалдах гомдлыг шийдвэрлэх хугацаа: Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

     Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга: Давж заалдах гомдлын хэлбэр нь бичгээр байх ба агуулгад дараах зүйлийг тусгасан байна.

Үүнд:

- Гомдлыг гаргаж байгаа шүүх буюу “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд” хандаж байгаагаа бичнэ;

Гомдол гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг эсхүл албан тушаал. /Хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

Аль шүүхийн, ямар шийдвэрийг /анхан шатны шүүхийн нэр, шийдвэрийн огноо, дугаарыг тусгана/ давж заалдаж байгаа болох;

Шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа болох;

Гомдол гаргаж байгаа этгээдийн хүсэлт /1.анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх; 2.шийдвэрийг хүчингүй болгуулах аль нь болох/;

Уг гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхэд өөрөө, эсхүл төлөөлөгч /өмгөөлөгч/-өө оролцуулахаа тодорхой бичих;

Гомдол гаргагч гарын үсгээ зурсан байна.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргана /Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дансанд тушаана/. 

 

II.    ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХАД АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛ.

    Давж заалдах гомдол гаргасан болон гаргаагүйгээс үүсэх үр дагавар.

Гомдол гаргаагүй бол

Гомдол гаргасан бол

- Хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно.

- Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

- Хяналтын журмаар гомдол гаргах боломжтой.

- Гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй.

    Гомдол гаргах хугацааг хэтрүүлэх.

    Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь давж заалдах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргана. Уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ. Хэрэв шүүгч хүсэлтийг хангасан бол давж заалдах гомдолдоо хугацаа сэргээсэн шүүгчийн захирамжийг хавсаргана.