ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.23) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Улсын Их Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн, улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо, хэмжээ болон хугацааны хязгаарлалтгүй импортлохоор эцэслэн баталсан. Хууль тухайн хүндрэлтэй цаг үедээ хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах зорилгодоо хүрсэн учраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн хэдий ч дэмжигдээгүйг дурдсан. Энэ хуулийн үйлчлэл зөвхөн улаан буудайн гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд бус хөдөө аж ахуйн салбарын суурь үйлдвэрлэл болох газар тариалан, мал аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрлэл, түншлэл нь техник, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаа зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байгааг дурдсан.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их хурлын 18 гишүүний 77.8 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээлэнд хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/75129/