“ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ.
Зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах зургаан арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Монголбанканд даалгахаар төсөлд тусгажээ. Тодруулбал, эх үүсвэрийн өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх, зохистой харьцааг тогтоох асуудлыг судлан, шаардлагатай зохицуулалт хийх арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын эх үүсвэрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах;
Бизнесийн зээлд ашигласан эх үүсвэрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж, ялгаатай тогтоох талаар судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгохоор төсөлд тусгажээ.
Түүнчлэн арилжааны банкнууд эрсдэл багатай зээлдэгчид олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож, тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх;
Зээлийн шимтгэл хураамж тооцсон бодит хүүг тухай бүр харилцагчид мэдэгдэж, нийтэд мэдээлэх;
Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийн шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох талаар арга хэмжээг судалж, хэрэгжүүлэхийг Төв банканд даалгахаар төсөлд тусгажээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/75233/