ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛБӨР ТӨЛӨГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ ТУХАЙ

 

1. Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах эрх бүхий этгээдийн тухай

Шийдвэр гүйцэтгэгч 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (2002.01.10)-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь иргэний бүртгэл мэдээллийн, татварын, зохих нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа авах замаар хаягийг тодруулна” гэж заасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэнэ. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар  хянан шийдвэрлэнэ” гээд 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” гэж заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гарган төлбөр төлөгчийг эрэн сурвалжлуулах боломжтой. Энэхүү журмаар Шүүх НШГА-ны хүсэлтээр төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан практик байдаг. 

Төлбөр авагч

​    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “Энэ хуулийн 18.1-д заасан ажиллагаа явуулсан боловч олдохгүй байгаа төлбөр төлөгч иргэн, төлбөр төлөгч хуулийн этгээдийг буюу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр авагч эрэн сурвалжилж болно” гэсэн заалт нь төлбөр авагчид төлбөр төлөгчийг эрэн сурвалжилах эрхийг олгож байгаа юм. Гэхдээ уг заалтыг тайлбарласан  УДШ-ийн 2007 оны 43 дугаарт тогтоолын 5 дугаарт хэсэгт  “Хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан “эрэн сурвалжилж болно” гэдгийг энэ зүйлийн 18.1-д заасан ажиллагаа хийгдсэн боловч олдохгүй байгаа төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгийн байгаа газрыг илрүүлэхийн тулд төлбөр авагч өөрийн санаачилгаар, хувийн журмаар сураглаж, хайхыг хэлнэ. Ийнхүү эрэн сурвалжлахдаа төлбөр авагч нь шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагын бүрэн эрхэд хамаарах ажиллагааг явуулж болохгүй.” хэмээн тайлбарсаныг анхаарах нь зүйтэй.

​    Мөн төлбөр авагч нь ИХШХШТХ-ийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу харьяа тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр төлөгчийг эрэн сурвалжлуулж болно. Эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

Цагдаагийн байгууллага

​    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Шийдвэр гүйцэтгэгч ба цагдаагийн байгууллагын харилцан ажиллагааг заасан 32 дугаар зүйлийн 32.1-д “Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах, олж тогтооход өөрт байгаа мэдээлэл өгөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн амь бие, эрүүл мэндэд заналхийлсэн бол цагдаагийн байгууллага туслалцаа үзүүлж болно”. Харин Цагдаагийн албаны тухай хууль (2013.07.05)-ийн 12 дугаар зүйийн 12.1-д “Цагдаагийн байгууллага доор дурдсан захиргааны хяналтын үүргийг гүйцэтгэнэ” гээд 12.1.6-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар сураггүй алга болсон хүн, гээгдэл эд хөрөнгийг эрэн сурвалжлах” гэж тус тус заасны дагуу төлбөр төлөгчийг эрэн сурвалжлахад цагдаагийн байгууллага оролцоно.

2.     Эрэн сурвалжлах ажиллагааны холбогдох бусад журмын тухайд

​    Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагааг илүү нарийвчан зохицуулахтай холбогдуулан НШГА “Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагааны тухай” журмын төсөл, саналыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан, ШШГЕГ-ын даргаар батлуулж, Хууль зүйн яаманд бүртгүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд “Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагааны тухай” журмын төслийг боловсруулж албан хаагчдаар хэлэлцүүлж байгаа юм байна.      

Эх сурвалж: (Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албаны 2013 оны эхний 9 сарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт. Огноо: 2014.09.20)

Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх.

​    258.1.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. /Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

​    258.2.Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ санаатай буруу гаргасан, эсхүл эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос дээш дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.