ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ТОГТМОЛ ШИНЭЧЛЭГДЭЖ, ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООСНООР ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН ТӨЛӨВЛӨЛТ САЙЖИРНА

Зээлдэгчийн зээлийн түүхийн мэдээлэл үнэн зөв байж, зээлийн үнэлгээ, зэрэглэл тогтооход шаардагдах бүх мэдээллийг бүрэн хэмжээгээр агуулсан, мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, цаг үеийн мэдээллээр баяжигдаж, үүнд суурилсан зээлдэгчийн үнэлгээ, зэрэглэл тогтоох онооны аргачлалыг хэрэглэж, зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэж байгаа мэдээллийг зөв ашиглах, бодит байдалд нийцсэн, нэгдсэн онооны аргачлалаар зээлдэгчийн зэрэглэлийг тогтоох нь чухал юм. 
 
Иймд Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнаас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтоох, мөн зээлийн мэдээллийг зөвхөн зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглах, энэ хуульд зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг тусгасан байна. 
 
Дээрх хууль батлагдсанаар иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, өөрийн зээлийн оноогоо мэддэг, түүнийгээ сайжруулахын тулд хугацаандаа төлбөрөө төлдөг соёл төлөвшиж, бизнесийн болон санхүүгийн сайн төлөвлөлттэй болж, сахилга хариуцлага дээшлэх, түүнчлэн зээлдэгчийн зээлийн мэдээллийн санд алдаатай мэдээлэл орсон бол тухай бүр залруулах, бусад эрсдэлтэй үйлдлээс сэргийлэх боломжтой болж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 
Эх сурвалж: https://www.parliament.mn/