УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ГАЗАР НУТГИЙН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай”, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, “Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын биелэлттэй танилцах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 321 дүгээр захирамжаар байгуулагдаж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахлан ажиллаж байгаа талаар оролцогчдод мэдээлэл танилцуулж, тус ажлын хэсгийн хүрээнд мэдээлэл солилцон цаашид хэрэгжүүлэх ажлын санал солилцохоор уулзалт зохион байгуулав.
Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил зааг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд өнөөг хүртэл хил зааг батлагдаагүй бөгөөд өмнөх онуудад хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс байгалийн нөөц болон дурсгалт газрын хил заагийг урьдчилж тогтоон, одоогоор ямар нэгэн маргаан үүсээгүй газар нутгийн хил заагийг Засгийн газрын нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлэх, ашигт малтмалын хайгуулын болон, ашиглалтын талбайг эргэн хянах, орон нутгийн саналыг харгалзан салбарын яамд зөвшилцөн дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргав.
Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд байгалийн нөөц болон дурсгалт газрын хил зааг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг өмнөх онуудад ажилласан аж. Энэхүү өмнөх ажлын хэсгийн дүгнэлтийг шинэчлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж буй талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж, байгалийн нөөц болон дурсгалт газрын хил зааг, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын талбайн хил заагийг орон нутгийн саналыг харгалзан хамтран тогтоож нэгдсэн дүгнэлт гаргах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс биелэлтэд хяналт тавин, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллан, ажлын явцын талаар тухай бүр эргэн танилцуулахаар тогтсон байна.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/75579/