ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг баталсан байна.
 
Тус журмын зорилго нь гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх дэс дараалал, үйл ажиллагааны зааврыг тогтооход оршино.
 
Гаалийн бүрдүүлэлтийг доор дурдсан хугацаанд хийж байхаар тогтоов. Үүнд:
1. Хилийн боомтод ажиллаж байгаа гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;
2. Олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;
3. Гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;
4. Төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага 3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд.
 
Энэхүү журмаар Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх, Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийх, Дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих зэргийг зохицуулсан болно.