АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тогтоол баталсан бөгөөд гишүүн Ж.Алдаржавхлан ахалсан уг ажлын хэсэг 2025-09-29-нд анхны хуралдаанаа хийв. 
 
Хуралдаанаар Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, МИК-ийн нийслэл болон орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо. Хөтөлбөр эхэлснээс хойш 10.1 их наяд төгрөгийн зээл 139 мянган өрхөд олгогдсон, дундаж хугацаа 17.7 жил байна. 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл хэрэгжиж, эхний гурван жилийн 3.0 хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд урьдчилгааны 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой. Зээлийн чанарын хувьд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүйд тооцогдож байна. Санхүүжилт өнгөрсөн оны II улирлаас нэмэгдэж, IV улиралд банкны системийн өсөлт 33.1 хувь хүрэхэд ипотекийн зээл 23.9 хувиар өссөн; шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин өссөн ч 2025 оны есдүгээр сарын байдлаар 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ. Хуралдаанд П.Сайнзориг, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, Г.Лувсанжамц нар оролцож, хүртээмж, эргэн төлөлт, МИК ба Монголбанкны оролцоо, барилга-орон сууцжуулалтын бодлого чиглэлийн талаар санал асуулт хийж, мэдээлэл авсан талаар УИХ-ын Хэвлэл, мэдээллийн газар мэдээлэв.