АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад Монголын бизнесийн боломж ба сорилтын талаар тэнцвэртэй үнэлгээ өгч, мөн Монголын төрийн байгууллагуудад дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш орчин бүрдүүлэхэд баримжаа болох мэдээлэл танилцууллаа. Мэдэгдэлд Монгол Улс хөгжиж буй зах зээл, байгалийн баялагтаа тулгуурлан өндөр өгөөжийн боломжтой ч гадаад эдийн засаг, санхүүгийн нөлөөнд эмзэг байдал, маргаан шийдвэрлэх тогтолцооны үр нөлөө сул, дүрэм журам боловсруулах үеийн талуудын оролцоо хязгаарлагдмал, хөрөнгө албадан хураах эрсдэл зэрэг шалтгаанаар болгоомжтой хандахыг онцолжээ.
АНУ нь ил тод, таамаглах боломжтой эрх зүйн орчны үнэ цэнийг Монгол Улс ойлгож, хүлээн зөвшөөрч байгааг сайшаан, эдийн засгийг төрөлжүүлж, хувийн хэвшлийг үр өгөөжтэй хөгжүүлэхүйц хууль, журмыг хэрэгжүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л. Буанган Америкийн худалдааны танхимтай уулзахдаа “эдийн засгийн хөгжлийг хувийн хэвшил түүчээлэх ёстой” хэмээн тэмдэглэж, үүнд хариуцлагатай, чанартай дотоод ба гадаадын хөрөнгө оруулалтыг татахуйц хууль, журам, хөрөнгө оруулалтын орчин шаардлагатайг дурдлаа.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/379312