ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

   Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэхүү үүргээ эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулан шийдвэрлэж болохоор хуульд заажээ. Хэрэв тэтгэлэгийн хэмжээг харилцан тохиролцоогүй, тохиролцоонд хүрч чадаагүй, гэрээ байгуулаагүй тохиолдолд тэтгэлгийн хэмжээг шүүх тогтоох бөгөөд хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. Үүнд:

1.      11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод[1] түвшингийн 50 хувиар;

2.      11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр;

   Харин зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

   Хүүхдийн тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба тэтгэлэгийг тухайн хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд зарцуулаагүй болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч /эцэг, эх/ тэтгэлэгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

   Мөн хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр юм уу аль эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар, улирал, хагас жил, жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно.

   Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болдог.

   Харин шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

   Мөн тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульд заасан байна.



[1] 2015-01-29-ны өдрийн А/9 тоот тушаалын хавсралтаар баталсан хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 185,400 төгрөгөөр тогтоосон нь 2016 оны 2 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.